Юуны өмнө "AI" гэдэг үгнээс эхлэх хэрэгтэй байх. Хиймэл оюун гэдэг утгатай Artificial Intelligence гэдэг англи үгний товчлол. Хамрах хүрээ, судлагдахууны хувьд машид арвин салбар. XX зууны физикийн шинжлэх ухааны аугаа ололт (транзистор) электрон тооцоолуурыг үндэслэсэн бол, XXI зууны түүнд суурилсан дэвшилүүд (интернет, гар утас гэх мэт мэдээллийн технологи) энэхүү хиймэл оюун гэх ойлголтыг бүтээх, хөгжүүлэлтийг хурдасгах эхлэл нь болсон.

Эхлээд "Энгийн энэ тооцоолуур бидэн шиг сэтгэх боломжтой юу?" гэдэг асуулт техник хангамжийн үсрэнгүй хөгжилтэй хамт анхаарал татсан бол түүнээс цааш бидний тархины хийдэг санах, сэтгэх, таамаглах, таних зэрэг үйлдлийг тоогоор илэрхийлэх боломжтой математикийн шидэт томьёонууд, тэдгээрийг ашиглан тооцоолох шидэт саваануудын хамтаар гарч ирсэн. Энгийн нэмэгч хэлхээнээс сүүлийн үеийн GPU хүртэл, if салаалагчаас Марковын хэлхээ хүртэл, персептроноос нейрон сүлжээ хүртэл үе шаттайгаар хөгжүүлэгдсэн.

Нэг л өдөр гэнэт гараад ирсэн зүйл гэж байдаггүй. Оюун ухаан ч мөн адил, органик болон хиймэл аль аль нь урт хугацаанд хөгжүүлэгдэн сайжрах алгоритм (хувьсал)-ын дагуу өнөөгийн түвшинд хүрсэн. Иймээс хиймэл оюун гэдэг үгээр дан ганц LLM-ыг л зөвхөн илэрхийлэх нь утгагүй хэрэг.

Одоо "таныг ойлгох" гэдэг хэсгийг авч үзье. Хүнийг ойлгох гэдэг нь хэд хэдэн түвшинтэй. Үг ойлгох, үйлдэл ойлгох, сэтгэл санааг ойлгох, бүрэн дүүрэн ямарч алдаагүй идиал түвшинд ойлгох. Ямарваа мэдээлэл оролт болж дамжуулагдаж, аливаа нэг аргаар боловсруулагдан гаралт болон гардаг. Үгийг ахисан түвшний LLM битгий хэл SQL өгөгдлийн сан ч ойлгоод шүүгээд хайсан зүйлийг тань олоод өгч чадна. Үйлдлийг заавал computer vision model бус веб сайтын байж л байдаг тэдгээр товчлуурууд ч ойлгоод хариу үйлдэл үзүүлж чадна (хязгаарлагдмал хэдий ч хэрэглэгчийн үйлдэлд зохих хариуг өгч чадаж л байна). Энэ хүртэл аугаа өндөр технологийн дэвшил, орчин үеийн шинжлэх ухааны гайхамшиг, биднийг аврагч ариун гэгээн LLM хэрэггүй. Угтаа If логик салаалагч ч SQL өгөгдлийн сан ч веб дээрх тэр жижиг товч ч инженерчлэл, технологи, шинжлэх ухааны үнэмлэхүй гайхамшигууд юм.

Сэтгэл санааг ойлгох. Санааг бол яаж ийгээд бичсэн үг, хийсэн үйлдлээс тань таниж тэмдэглэж болно. Generative Pretrained Model маань улам л сайжраад олон хэлний, олон салбарын, олон корпус өгөгдлөөс суралцсаар л байна.

Харин сэтгэлийг ойлгох хүндрэлтэй. Учир нь бид LLM-тэй үгээр үсгээр харилцдаг. Үг гэдэг бол хүн хоорондоо харилцах хамгийн дээд түвшний хэрэглүүр. Юу хийх гэж байгаа, юуг хүсэж, юуг чухалчилж үзэж байгаагаа бид үгээр л илэрхийлж нэг нэгэндээ хүргэдэг. Үг байхгүй бол тэр зүйлийн тухай та сэтгэж чадахгүй, сэтгэж чадахгүй бол тийм ойлголтыг илэрхийлэх үг байхгүй. Хэлний онцлог соёлын онцлог болж, соёлын онцлог сэтгэхүйн ялгаа болдог нь эндээс эхтэй. Мөн мэдэрсэн ч илэрхийлж чадахгүй үлддэг нь тухайн зүйлийг илэрхийлэх төгс үгийн сан таны толгойд орж ирээгүй эсвэл таны хэлэнд байхгүй байх зэргээс үүдэлтэй. Иймээс бид тухайн тохиолдолд аливаа мэдрэмжийг үгээр бат нот ямар ч алдагдалгүй дамжуулж чадахгүй \ чаддаггүй. Энд харилцагчийн хувь хүний ур чадвар, сандралын түвшин, туршлага, түүнээс хамаарах болон хамаарахгүй мэдлэгийн сан ихэд нөлөөтэй. Эдгээр хүчин зүйлсийг хэтийдүүлэн тулгаад зохих түвшинд хүргэсэн ч төгс гэмээр оролтын утга олж авах нь бас л хүндрэлтэй. Үүнийг магадгүй нэвчирхий шанагаар ус авахтай адилтгаж үзэж болох юм.

Сэтгэл санааг тань дан ганц үгээр харилцаж байгаа тохиолдолд ойлгох нэн бэрх байтал бүр цааш хүнийг бүрэн дүүрэн яг таг ойлгох нь бараг л боломжгүй мэт.

Дараагийн "өөрөөс тань илүү" гэх хэсэг. Эндээс хүн ч бас өөрийгөө ойлгодог гэсэн гаргалгаа гарна. Мэдээж та өөрийгөө бие засах гээд байгааг мэдрэнэ, хэнд татагдаад байгаагаа ойлгоно, аль хоолыг идмээр байгаагаа мэднэ, хамгийн чухал нь юу хиймээр байгаагаа, юу ашигтай болж буйг сэтгээд түүнд чиглэсэн бодомж дотроо санаж чаддаг.

Гэвч хааяа магадгүй их хэмжээний мэдээлэл, олон салаа сонголт бүхий нөхцөл байдал үүсэхэд бодит байдал дээрх түүхий мэдээлэл юу ойлгохгүй байгаа юм шиг санагдуулж, төөрөгдөл, эргэлзээнд хүргэдэг. Энэ үед өнөөх дотоод дуу хоолойгоо сонс, өөрийгөө ол, хүсэл зоригоо тодорхойл тэр тийш даль жигүүрээ дэлгэ зэрэг үгс ах эгчийн амнаас, заримдаа хөгжлийн номны хуудаснаас гарч ирэх нь элбэг. Угтаа энэ бүхэн өөрийгөө ойлгох гэдэг үндсэн нэг л санаатай. Энэ тохиолдолд магад өөрт төрч буй мэдрэмжийг мэдрээд боловсруулахдаа үгэнд хувиргаж байгаа ч зөвхөн дотроо өөр гадны хувьсагчийн нөлөөгүй тооцоологдож буй учир өөрт тохирсон хүсэмжит үр дүнг дийлэнхдээ авдаг байж болох юм.

Таны мэдрэмж таньд төрөхөд энд ямар ч гадны тооцоолох сан импортлох хэрэггүй. Гол хувьсагчийн эх нь та тул тэр чигээр нь хүлээн авч өөрийн сэтгэхүйгээр шүүн тусгаж авч болох байхаа гэдэг санаа.Үгүй гэвээс энэ өөрт тохирсон шүүж ойлгох алгоритм, тооцоолуурын механизм бодож олох хэрэгтэй байх.

Хамгийн сүүлд "чухал шийдвэр" гэх үг. Товчоор ирээдүйн аз жаргал, баяр баясгаланг тодорхойлох тийм учиртай шийдвэр. Хүн ганц л амьдарна. Яаж яваад, юу хийж амьдраад, юуны тулд үхэх нь тэр хүний дур. Гэвч бидний нийтлэг нэг онцлог нь өөртөө болон хүрээлэлдээ үргэлж сайн сайхан, ашиг тустайг хүсэмжлэн холын чанд дахь ирээдүйн зорилго болгодог. Гэгээн ирээдүйг гэрэлт нарны дор эдлэх нь хүн бүхэнд л байдаг тэр нэгэн бодол. Үүнийхээ(аз жаргалын) тэгшитгэлийг олж, тохирох хувьсагчийг тааруулахаар насан туршдаа эрэл хайгуул хийсээр дуусдаг.

Үлэмж хэлний моделиос чухал шийдвэрээ асууж хариуг нь дагах нь зөв хариултгүй бодлогын бүрэн бус өгөгдөл дээр үндэслэн бичсэн тэгшитгэлээр амьдрахаар сонгож буйтай адил. Азтай бол ононо, үгүй бол унана.

Хүний нүдээр хорвоог харж, хүний хэлснээр амьдрах туйлын дургүй атлаа өөр нэгэн ийм машины боловсруулалтыг гадны хүний нөлөөлөл бус мэдлэг мэдээлэл мэтээр хүлээн авч амьдралдаа гэнэн итгэлээр тусгадагт, мөн зарим механик чадвар шаардах ажилд хүнийг хол давсан үзүүлэлт гаргадагт энэхүү асуултын хэлбийлт эргэлзэх учиг оршдог байх.

Хүн өөрийнхөө тэгшитгэлийг өөрөө л олох хэрэгтэй.