Оршил#
Урлаг гэж ур хийц нь гайхширам нарийн, гоо зүй, сэтгэлгээний гүн гүнзгий агуулга, шийдэл шингэсэн, хөдөлмөр хүчин чармайлт шаардах, зөвхөн хүнээс хүнд дамжих тэр мэдрэмжийг тээсэн тэдгээр зүйлсийг хэлдэг байх. Уран зураг, уран зохиол, гар урлал, мөн инженерчлэл. Утга агуулга, сэтгэмжийн онцлогтой бүтээлүүдийг би энэ удаад дурдахгүй. Урлаг болтлоо хөгжсөн, хөгжүүлэгдсэн системийн талаар бол ярих болно.
Бидний бүтээсэн хэрэгслүүд, байшин сууцаас эхлээд судалсан нээсэн баталсан ололтууд, түүнд суурилсан зэвсэг техник хүртэл, мөнгө гээч төлбөрийн системээс нийгмийг залагч үзэл суртал хүртэл, мөн хамгийн гол нь хүн хэмээх амьд амьтан өөрөө ч маш нарийн боловсруулагдсан, зохион байгуулагдсан тийм бүтэцтэй байдаг.
XXI зуунд бидэнд машин, онгоц байна, 100 давхар байшингууд байна, буу, цөмийн цахилгаан станц, интернет байна, мөн хиймэл оюун байна. Хүссэнээ авах төлбөрийн системүүд байна. Хүссэнийг чинь хүргэх ложистикийн бүтэц байна. Хүссэн газартаа хүрч очих боломжууд ч байна. Нийгмийн харъяат ч гэлээ нийтийн тусаар хамтдаа нэг нэгний дэмнэн нөхөж, аварга хөдөлгүүрийн нэг хэсэг мэт зогсолтгүй урагшилсаар л байна.
Эдгээр нь зөвхөн хүн төрөлхтний хийсэн бүтээсэн зүйлс үү гэхээр бас үгүй. Амьд биет, ямарваа организм бүхэн амьд үлдэхээр, өөрт таатай давууг үүсгэхээр програмчлагдсан мэт л хувьсал гэх шидээр зэвсэглэж цаг хугацааны урсгалд улам төгөлдөржсөөр л байдаг. Хүний хийсэн бүтээсэн бүхэн дэлхий дээр амьдрахын тулд, амьд үлдэхийн тулд л бий болсон. Хүн бусад карбон суурьтай байгалийн бүтээлүүдтэй ижил зорилготой. Зорилго бол амьд үлдэх давууг олж авах. Авсан арга хэмжээ хийсэн бүтээсэн нь энэ хэмжээнд, хэрэгсэл хийсээр хөгжсөнд л ялгаа бий.
Яаж бас яагаад. Ингэж асуух тэнэг хэрэг байж болох ч яагаад бид сайжраад байдаг юм болоо... Яаж эдгээр нь ийм хэмжээнд хүртлээ сайжрав? Үргэлжийн мөнхөд хөгжин дэвших, урдаа байгаа саадаа давах энэ механизм яаж бүрэлдэв?
Бүтээгч#
Дэлхий даяар бүхнийг бүтээгч, бүтээснээрээ эзэн нь болдог, бүхнийг чадагч аугаа дээд оршихуйн тухай ойлголт бий. Магадгүй ийм далд нарийн зохион байгуулагдсан систем хэн нэгэн, энэ тохиолдолд бурхны гараар бүтэв үү? Хувьсал гэж ерөнхийдөө биологийн өнцгөөс харвал тохиолдлын байдлаар мутац генд үүсэж тэр нь хүрээлэн буй орчиндоо тохирох (амар идэш тэжээл олдох эсвэл биеэ хамгаалахад хэрэгтэй бүтэц өөрт үүсгэх гэх мэт) амьд үлдэхэд тустай зүйл байваас амьд үлдсэн нь л үр төлөө гаргах учир цааш удамшиж сайжраад тэр нь цааш орчин тойрныхоо өөрчлөлт шаардлагад нийцэж мөн л хөгжих байдлаар өрнөдөг зүйл. Нэг тийм оролдоод байвал нэг нь онож таарна тэгвэл тэндээсээ урагшлая гэдэг зарчим. Тун учир битүүлэг. Яаж ч мутац нь үүсдэг юм? Ер нь яаж ген гэдэг зүйл үүсээд мутац авч сайжирдаг Дарвин өвөөгийн хувьслийн механизм үүсэв?
Анхдагч амьд биетэд "За би чамайг бүтээлээ. Нэг л даалгавар байна. Амьд үлд,чамд ийм лаг скилл өглөө Peace" гээд л алга болчихсон юм шиг. Нэг тийм шидийн.
Эсвэл зүгээр л бид хүний өнцгөөс өөр шигээ бүтээгч гэдэг нэг хийсвэрлэлд хүч өгч бурханы дүрийг энэ тогтолцооны утга учир болгож байгаа байх. Бид шүдээ хурц болохыг хүлээлгүй хутга хийсэн. Бид агуй хайхынхаа оронд гэр барьсан. Бид хурдан хөлтэй болохоо хүлээлгүй морь унасан. Бид далавч ургахыг хүлээхийнхээ оронд онгоц хийсэн. Бүр ажлаа хийлгэхээр өөрийнхөө орлогчийг ч бэлдэж байна. Хүн бол бүтээгч. Үүнтэй маргаад хэрэггүй.
Масловийн алх гэдэг ойлголт байдаг. Ямарваа шинэ зүйл, шинэ ойлголт гарч ирэхэд хүн өөрийн мэддэг мэдлэг, аргын хүрээнд л тэр зүйлд хандах гэж оролддог гэж. Боолт байлаа гэхэд алхтай хүн алхаараа л нүдээд байна гэсэн үг. Тэр хүн түлхүүрийг мэдэхгүй, байгаа нөөцөөрөө л болгох гэж үзэж байгаа хэрэг гэх үү дээ. Яг энэ шиг хүн бол бүтээгч төрөл зүйл. Энэ агуу бидний хувьслийн нууцын цаана хэн нэгэн бүхнийг бүтээгч, урьдаас төлөвлөгч агуу инженер бий гэдэг бодол өөрсдийн энэхүү онцлогоосоо үүдэн бий болсон бол яана.
Бүтээх тал дээр#
Хорвоо ертөнцөд гайхамшигт тогтоцууд хаа сайгүй. Хувьсал бол хүнд хамаарах хамгийн гоё жишээ нь л дээ. Татах хүч, гэрэл, од, энерги гэх мэт... Шинжлэх ухаан эдгээрийн нууцыг тайлж баталж эмхэтгэж байгалийн хууль, үндсэн зарчмуудыг нь тоочин гаргаж ирсээр л байна. Хэн эдгээрийг бүтээсэн талаар биш яаж ажилладаг талаар нь анхаарах болсон нь хүн төрөлхнийг сүүлийн 500 жилийн дотор сансарт гарах хэмжээнд аваачив.
Хэн эсвэл юу бас яагаад бүтээсэн гэдэг асуулт тун сонирхолтой ч эдгээр суурь механизм ертөнцийг бүрдүүлэгч дүрмүүд, зүгээр л байдаг гэж тооцоод цааш улам л урагшлах нь бидний төрөл зүйлийг дараагийн түвшинд хүргэх зам. Хувь хүний хувьд ч бидний онцлог бүтээх учир (болж өгвөл урлаг гэж хэлэгдэхүйц хэмжээнд туурвих?) чадлынхаа хэрээр гайхалтай зүйлсийг хийх хэрэгтэй.
Өөрсдийнхөө эх код яагаад амьд үлдэхэд тэмүүлдэг талаар мэдэхгүй байж болно. Гэхдээ эх кодоо тайлж уншаад сурчихсан, бүр засаж янзлах аргыг нь олчихсон бидэнд асар их потенциал бий. Одоо бид нэг хуруу шилний хувьд бүхнийг бүтээгч бурхан нь болж болно. Нэг ялааны тархийг компьютерт симуляцлаад виртуал ялаа гэх төрөл зүйл ч үүсгэж чадна.
Хязгааргүй бүтээх эрх чөлөө... Үүний хамт өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ ч бий. Нийгмийн шинэ тогтолцоо, шинэ шаардлагад нь хариулах тийм шийдэл болсон шинэ бүтэц. Шинэ технологи, шинэ боломжийн хамтаар тэдгээрийн оршилд хэрэгтэй өөр нэгэн шаардлага. Энэ мэтээр л эргэцсээр. Энергийн хэрэгцээ, дэд бүтцийн чадамж, өнөөгийн зах зээл дээрх нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хүртээмж, ажиллах хүч гээд л одоо бидэнд их асуудал байна. Өөрөөр хийх бүтээх юмс тоймгүй олон гэсэн үг.
Бид өөрсдийн хувьд хэрэгтэй байгаа, амьдралыг маань илүү дээрдүүлж, хялбарчилж байгаа бүхнийг сайн гэж үзэн тэдгээрийг дэмжин, тэтгэж илүү дээш тэмүүлсээр л байна.
Шид гэж онц гойд, яаж үүссэн нь тодорхойгүй ч бидэнд шууд нөлөөлдөг зүйлсийг хэлдэг.
Бид бүтээгч бол бурхан бол шидтэн. Гэвч одоо бидэнд шидтэн болох чадамж байна. Шидтэн бол шинийг бүтээ. Энэ төрлийг дараагийн түвшинд хүрэхэд хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нь бай. Байгаа орчиндоо шилдэг нь биш байх нь хамаагүй, бид бол хүмүүс бол нэг том зүйлийн нэг хэсэг. Нэгнээ дэмжиж нэгэндээ туслаж баймаан чи үүрэгээ гүйцэтгэж, хүрээлэн буй бүхнээ хүндэтгэж буй хэрэг. Хүний оршихуйн утга учир байх.


