Энгийн бүхнээс эхлэе. Хүний амьдралд, тухайлбал амжилтанд гадны хүний өнцгөөс харвал тэр хүний өнөөдрийн байр суурь, хийж бүтээсэн зүйлс, орлого, шагнал, хүрсэн өндөрлөг, зөвхөн өнөөгийн, одоогийн байдлаарх статистик нь гол. Өөрөөр өнгөрсөнд хийсэн зүйлсийнх нь үр дүн чухал юм байнаа гэсэн дүгнэлтэнд хүрч болно.

Эсрэгээрээ яагаад гэдэг асуулт асуугдахад, үнэ цэн нь юундаа гэдэг бодол төрөхөд, үйл явц нь чухал болж ирдэг. Тэр хүн АйВи лигт сурсан. Яагаад? Орох хэцүү, их хөдөлмөр, чадвар, тэвчээр шаардана цэг. Тэгэхээр аль нь чухал юм бэ? Юу хийвэл дээр юм бэ? гэж. Хүнд харуулахын төлөө хичээх үү? Хичээчихээд харуулах юм уу? Ер нь яагаад хичээх ёстой гэж? Хүн амьтанд харуулж эгорох хэрэгцээ тийм их бил үү? Зөндөө л асуулт төрнө.

Эндээс нэг бодол төрсөн нь өөрөөрөө байх, хүссэнээ хийх, аз жаргалтай амьдарч үхэх гэдэг л гол нь биздээ гэдэг энгийн эрүүл хариулт. Гэвч үүнээс цааш нэг алхахад л адармаатай зүйлс бас гарч ирнэ.

Эхлээд нэг зүйлийн санах хэрэгтэй нь бид нийгэмд амьдарч тэндээ л үхэх учиртай. Нийгмийн нэг өчүүхэн хэсэг болж түүгээр тэжээгдэж, түүгээр дамжин боловсорч, түүгээр хүрээлүүлж, зөрүүлээд түүний хэрэгцээнд нийцэж, шаардлагад нь хүрэхээр тэмцэж, тогтсон дүрэмд нь захирагдаж харилцан эргэцэн эрэг шураг араа нь болж амьдрах заяатай гэдэг. Ийм харилцааны голд өөрөөрөө байх? хүссэнээ хийх? энэ хоёр нь бүтвэл жаргалтай байх гэдэг нь аз. Ийм ч учраас монгол хэлэнд АЗ ЖАРГАЛ гэж хоршоо үг үүссэн байх.

Энэ бол аз. Тухайн хүний хиймээр байгаа зүйл нийтэд тустай, нийгэмд ээлтэй байх тусам дэмжигдэнэ, бодит болоход ойртоно. Өөрөөрөө байх нь бидний нийтлэг стандартад тохирч байвал хүндлэгдэнэ, зарим тохиолдолд шүтэгдэнэ. Ер нь тэгээд хүнээсээ л шалтгаална. Гүйцэтгэл, хөдөлмөрлөсөн байдал зэрэг ч нөлөөтэй. Өөрөөс хамаарахгүй хувьсагчийг бид азаар л нөхөж, аз л байвал нийгэмд нийцэх албагүй л дээ. Тэр үл хамаарах өгөгдөл, орчиндоо таарч бас хүн өөрөө хувирч болно. Ийм баймаан өөрөөрөө байж чадахгүй, жүжиглэх, дүр үзүүлэх хэрэг болж хувирна.

Ингэвээс дээр дурдсан өөрөөрөө байх, хүссэнээ хийх, аз жаргалыг эдлэх нь дүрд орох, тааруулж нийцүүлэх, тааламжит мэдрэмж болно. Яг тулгаад харвал хоёр дахь нь илт муу зүйл мэт. Гэвч бидний олох нь 2 дахь замаар л амьдардаг. Байгаадаа тааруулж, байхгүйгээ бүтээж, болохгүй байсан ч болгож... Хангалтгүй гэдэг мэдрэмж дунд хорвоог туулж насыг бардаг. Нийтийн маань олонхын туулдаг амьдрал учир тийм ч муу зүйл биш шүү гэж тэмдэглэх хэрэгтэй. Эхний өөрөөрөө, хүслээрээ гэдэгтэй харьцуулагдахаараа л ийм муу мэт харагдаж байгаа юм. Хүн хөдөлмөрлөж үр хүүхдээ өсгөж, ирээдүйд нь хэрэгтэй гэсэн бүхнийг хийж, сайн сайхны төлөө зүтгэх нь муу зүйл юм гэж үү? байгаадаа тааруулж чадахаараа амьдрах нь яагаад тийм байх билээ дээ.

Энэ бүхний эцэст бид АЗ гэдэг л ялгаатай гэвэл та уурлах биз. Оргилыг хүн бүр л хүсдэг. Ийм байтал хөдөлмөр ч биш, хувь хүний хүчин чармайлт ч биш, үл мэдэх тэр хувьсагч аз гээч биднийг зааглана гэдэг тэнэглэл мэт. Би ч ийм юм бодмооргүй байна. Учир нь дундаж би хичээвэл оройн дээдэд хүрч хэн бүхэнд хүндлэгдэх тийм байранд хүрч чадна гэдэг итгэл үнэмшилээ хадгалмаар байгаа байх. Та ч мөн миний адил ядуу нь баянаа дийлж баян, сул дорой нь хүчтэйгээ дийлж хүчтэн, шударга нь хорон мууг, сайн нь буруугаа ялдаг романтизмыг дэмждэг тэр сул нэгэн учир ийм балайралтай санал нийлэхгүй байх. Гэхдээ одоогоор хүн хүссэнээ авч байгаа нь аз л юм шиг.

Гэхдээ ер нь дүрмээс гадуур тоглож болохгүй гэсэн заалт амьдралд байх биш. Нам гүм, элдэв нийлүүлэлт хэрэгцээ, алдар нэр, эд агуурснаас холуур тийм зам ч мөн бий. Бас л хүнээсээ л шалтгаална л даа. Заримд нь адгийн муу, хэт дорой мэт санагдах биз, заримд нь тааламжтай, зовлон бага, ямар нэгэн хамааралгүй сайхан санагдах биз. Хүссэн хүсээгүйн ялгаа гэдэг нь энэ байх.

Буцаад сэдэвтээ орвол шуудхан хэлэхэд өөрөөрөө байж хүссэнээ хийхэд үр дүн нь жаргал болж бидэнд мэдрэгдэнэ. Яагаад? Учир нь хүссэнээ хийх чинь тааламжтай үйл, өөрөөрөө байх ч сайхан мэдрэмж өгдөг үүнийг хийснээрээ, үйлдсэнээрээ, тэр процесс байснаараа хүнд жаргалыг мэдрүүлдэг юм шиг. Ийм ч учраас сүйлийн үед үйл явц нь байснаараа үр дүн нь үнэ цэнтэй болдог юм байна гэж боддог болсон.

Саяханы нэг жишээ байна. Надад аливааг бүтээх, шинээр хийх, нээх, шийдэл боловсруулах таалагддаг. Гэвч миний хамгийн дуртай хэсэг нь эдгээрийн процесс. Өөрийн минь бодсон, бодож олсон, бодож олоод туршсан, туршаад алдаагүй ажилласан, анхны тэр мэдрэмжийг авахын төлөөх эдгээр бүхэн надад хамгийн чухал. Тэгээд л би хурдыг мэдрэмжээр солимооргүй байгаа. ЭЙ АЙ-аар ажлаа хийлгэх нь надад яг үнэндээ таалагддаг. Гэхдээ нэг л хоосон хийгээгүй мэдрэмжийг сэтгэлийн тэр өчүүхэн буланд байнга үлдээдэг. Энэ хурданд дасан зохицоод цааш явахыг хүмүүс зөвлөж байгаа ч надад энэ нь таалагдахгүй хүлээн зөвшөөрмөөргүй бодит байдал болоод байна. Өөрийн хүчээр бодсон ганц бодлого, өрөөлийн маань хүчээр үүссэн тэр системээс илүү үнэтэй надад мэдрэгддэг.

Ингээд дахиад эргэлтийн цэг. Үр дүн, олсон олоогүй мөнгө, хийсэн хийгээгүйн ялгаа, ашигласан ашиглаагүйн зааг, сайхан харагдах хийгээд сэтгэлд үлдэх хоёрын зөрчил гарч ирлээ. Дан ганц АЙ ТИ ч биш бүх салбар ийм болно гээд байгаа. Яагаад үр дүн маань ийм хүчтэй болоод дахиад гараад ирэв? Мэдээж үүний хариулт нь бидэнд(нийгэмд) бий. Хувь хүн надад үйл явц үнэтэй бол хувиас хальсан хүмүүний хүрээлэлд маань үр дүн л чухал. Чи хичнээн өөрөөсөө бүхнийг гаргаад тэр ажлыг дуусгахгүй бол чамд цалинг чинь өгөхгүй. Дуусгавал, эцэс нь харагдвал дараа дараагийн ажил өрнөх боломж үүсэх учир үр дүн л чухал. Ийм учраас л хурдыг хүмүүс шүтдэг. Бидний хөдөлмөрийг хөнгөвчлөх, чанарт нөлөөлөлгүй хурдасгах систем, хэрэгсэл, зарчим өөр ямар л шийдэл байна бид байнга л ашигладаг. Фордын үйлдвэрийн дамжлага, Canva, автомашин, хэвлэлийн машин эцэст нь хүний бүтээсэн оюун. Энэ бүгд цаашид улам л хөгжинө. Which means we use тy friend.

Хараад байхад тэгээд өөрийгөө ч гээчихгүй, өнөөх нийгмээ ч гомдоочихгүй аргыг нь олоод хэрэгтэй хүн байхад их л ухаан шаардах юм шиг. Зүрхээ сонс, сэтгэлийн угаас мэдэрсэн зүйл рүүгээ тэмүүл гэх нь хаашаа ч юм. Ер нь хийнэ гэснийхээ ардаас явж байхад амьдрал урамтай хэвээр байх л биз. Үйлдлээ таашааж, үрээр нь баясаж суухыг л хичээж дээ.